Өвөрхангай аймгийн Богд сумын төвд халаалт, цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг байгуулж хүлээлгэн өглөө. Ингэснээр сумын төвийн эмнэлэг, сургууль, сумын захиргаа болон амины орон сууц бүхий иргэд инженерийн шугам сүлжээнд холбогдож нэгдсэн халаалт, ундны цэвэр усаар хангагдан ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.
Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сум" төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Богд суманд инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг байгуулах ажлыг "Одкон Холдинг" компани гүйцэтгэж улсын хэмжээнд хамгийн түрүүнд хүлээлгэн өглөө. Уг ажлын хүрээнд сумын төвийг цэвэр усаар хангах 2 гүний худаг, өргөлтийн усан сан, ус цэвэршүүлэх түгээх усан сан, бохир цэвэрлэх байгууламжийг иж бүрнээр газар доорх шугам сүлжээний хамт байгуулж сумын төвд ус түгээх 2 худаг шинээр байгуулан 1 худгыг зассаны дээр 0.4 КВ-н цахилгаан дамжуулах шугам тавьж холболт хийсэн байна.